11 дүгээр сарын 10-ны өдөр бол ДЭЛХИЙН НЯГТЛАН БОДОГЧДЫН ӨДӨР бөгөөд энэ салбарт хүч хөдөлмөрөө зориулдаг хэдэн сая мэргэжилтнүүдийн эв санааг дэлхий дахинаа нэгтгэн илэрхийлдэг чухал өдөр юм.
Түүхээс үзэхэд, 1494 оны 11 сарын 10-нд Италийн математикч Лука Бартоломио Пачиоли "Particularis de computis et scripturis" буюу “Данс ба бусад бичилтүүдийн тухай” нэртэй, нягтлан бодох бүртгэлийн давхар-бичилтийн системийн тухай өгүүлсэн 27 хуудас бүхий номыг анх удаа Венецэд хэвлүүлсэн байдаг.
Давхар бичилт
Нягтлан бодох бүртгэлийн ажил гүйлгээг бүртгэх үйл явц нь давхар бичилтээр гүйцэтгэгддэг. Давхар бичилт нь нэг ажил гүйлгээг нэг дансны дебет ба нөгөө дансны кредитэд бичилт хийж бүртгэх үйл явц юм. Ингэж бүртгэснээр нягтлан бодох бүртгэлийн үндсэн тэгшитгэлийг хангаж өгдөг. Нягтлан бодох бүртгэлийн үндсэн тэгшитгэл нь хөрөнгө нь өр төлбөр ба эздийн өмчийн нийлбэртэй тэнцүү гэсэн тэгшитгэл байна.
Дансны давхар бичилтийн ангилал
Аливаа үйл ажиллагааны нэг баримтанд тусгагдсан үзүүлэлтийг зөвхөн хоёр дансанд бус, хэд хэдэн дансанд тусгах шаардлага үүсэх нь элбэг байдаг.
Тухайлсан нэг ажил гүйлгээний үзүүлэлтийг зөвхөн хоёр данс хооронд нь юм уу, хоёроос олон данс хооронд харилцуулж байгаагаар нь ялгаж энгийн харилцаа, нийлмэл харилцаа гэж ангилдаг
Энгийн харилцаа
Зөвхөн хоёр данс хооронд үүссэн ажил гүйлгээний бичилтийг энгийн харилцаа гэнэ.
Нийлмэл харилцаа
Аж ахуйн үйл ажиллагааны явцад гарч байгаа тухайлсан нэг ажил гүйлгээний агуулгынх нь дагуу бүртгэлд тусгагдах нэг дансны дебет нь олон дансны кредитээс, олон дансны дебет нь нэг дансны
кредитэнд, эсвэл олон дансны дебет олон дансны кредитээс бичилт гардаг бөгөөд ийм бичилтийг нийлмэл харилцаа гэнэ.